|
|

要拍摄电影《成吉思汗》
Чингис хааны тухай 3 ангит кино бүтээнэ
Oops! (2007.03.31) Соёл урлаг
Нэгэн цагт дэлхийн талыг эзэгнэсэн Монголын эзэнт гүрний агуу их түүх, түүнийг цогцлон байгуулсан Их эзэн Чингис хааны тухай “Үхэж үл болно”, “Хаадын хаан”, “Тэнгэрийн зарлиг” хэмээх гурван ангит кино хийхээр Монголын уран бүтээлчид зориг шулуудан ажиллаж байгаа ба эхний анги болох “Үхэж үл болно-Чингис хаан” уран бүтээлээ монголынхоо ард түмэн,”Их монгол 800” сан болон төр засгийн дэмжлэг хандиваар хийгдэж байгаа.
Уг киноны эхийг СТА зохиолч С.Жаргалсайхан бичиж, ерөнхий найруулагчаар УГЗ Л.Эрдэнэбулган,зөвлөх найруулагчаар Х.Дамдин нар ажиллаж, 1-р найруулагчаар Д.Золбаяр, зураглаачаар Ш.Даваадорж, компьютер графикчаар Ч.Уудам, Ч.Ерөөлт, дууны техникчээр Мөнхбат нарын залуус ажиллаж байгаа ажээ.
Мөн уг кинонд нийт 40 орчим түүхэн болоод уран сайхны дүр гарах бөгөөд манай тайз дэлгэцийн чадварлаг уран бүтээлчид тэдгээр дүрийг амилуулах аж. Тухайлбал Чингис хааны дүрийг Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар, Жамухын дүрийг Ардын жүжигчин П.Цэрэндагва бүтээж байгаа бол Өэлүн эхэд Төрийн соёрхолт,гавьяат жүжигчин Н.Сувд, хасарын дүрд гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан,Бөртэ хатанд СТА И.Одончимэг,Боорчид СТА Г.Золбоот, Тэв тэнгэр бөөгийн дүрд СТА жүжигчин Д.Бямбацогт нар тоглож байгаа юм байна.
Өнгөрсөн 2-р сарын 08-ны өдөр албан ёсоор зураг авалтаа эхэлсэн байна.
Тус кинонд дээр ажиллаж байгаа уран бүтээлчид бүгд л “бид ард түмнийхээ сэтгэл хүрэх сайн бүтээл хийх хэрэгтэй. Урьд өмнө хийсэн хятад, Япончуудын хийсэнтэй ижил л лав болох ёсгүй” хэмээн бүх л хүчээ шавхан ажиллаж байгаа гэнэ. Үнэхээр ч монголоо гэсэн сэтгэлтэй хэн бүхний омог бахархалыг төрүүлэхүйц, дэлхий нийтэд агуу түүхээ таниулах тийм л хэмжээний бүтээл болно хэмээн үзэгчид хүлээсээр,найдсаар байгаа.
Мөн тус киноны бэлтгэл ажил өмнөх хийгдэж байсан кинонуудыг бодвол харьцангуй сайн, мэргэжлийн хэмжээнд явагдаж байгаа талаар тэд ярьж байсан юм.
Ямартаа ч монголын түүхийг монголчууд биднээс өөр мэдэх, бусдад таниулах чадал өөр хэнд ч үгүй хойно, монгол түмнийхээ итгэл, хандиваар босч байгаа учраас энэ удаагийн Чингисийн тухай 3 ангит кино хэний ч өмнө нүүр улайлгахааргүй сайн кино болно гэдэгт итгэж байна.
Бид хэдий болтол том жижг гэлтгүй бүх зүйлийг “халтууртаж” байхав дээ. Одоо урлаг жинхэнэ ёсоор монголын хөрсөн дээр хөгжин цэцэглэх цаг хэдийн болсон . |
|