|
|

2007.1.6
тэмдэглэл)
Долоон үе дамжсан Харчин аймгийн захирагчийн хүү, Шилийн гол аймгийн гутгаар дарга, Дэ вангийн гадаад хэргийн сайд явсан Жагжид цэцэн гуай нас сүүдэр 90 гарсан ч бие эрүүл, ухаан саруул амьдарч байна. Сүүлийн хэдэн сар өвгөн эрдэмтэнтэй уулзаагүй байтал Боржигны тал хамтлагийн морин хуурч, туульч, хөөмийчин Г. Эрдэнэбаатар нутаг буцахаасаа өмнө очиж золгохыг хүссэн юм. Эрдэнэбаатар бол боржигны нэрт хуурч Гомбодоржийн хүү, удам дамжин өвлөж авсан эрдэмтэй, сэтгэл их сайтай, хуурыг маш сайн сийлдэг уран хүн. Жагжид цэцэн гуайнх жаахан зайтай тул Эрдэнэбаатарыг хүү Мөнхбаяртай нь дайрч аваад эртхэн гарлаа. Биднийг очиход Жагжид цэцэн гуай, хатан Оюунгэрэлтэйгээ угтаж аваад их баярлаж байна аа. Охидууд нь (уг нь жар гарсан улс л даа) цай хоол болоод явчихав. Эрдэнэбаатар өвгөн эрдэмтнийг хүндэтгэн урлагийн хувцастай хуурдахаар болов. Өвгөн хуучны хүн гэсэндээ ирсэн зочиноо хүндлээд улаан зангиагаар гангарлаа. Эрдэмтний ном дүүрэн гэрт хуурын эшиг уянгалаад хэсэгхэн хормын дараа Жагжид цэцэн гуай нүүрээ даран мэгшлээ. Сэтгэл нь хөдлөө биз ээ. Хуурч бид хоёр ч золтой л дагаад бөмбөрүүлчихсэнгүй, нармай их шахирсан даа. Ардын дуунууд, Алтайн магтаал, хуурын магтаал, үүлэн бор тоглоод тууль хайллаа. Хосгүй хоёр чавхтасан дээр домог амилахад урдын туулсан замаа бодсон Жагжид цэцэн гуай үе үе нулмисаа арчин шүүрс алдах нь элэг эмтэрч, өр өвдөм байв. Настныг баярлуулж байгаадаа сэтгэл огших тэрхэн агшинд Уянга нутгийн тос даасан ааруул мэт бор өвгөчүүлийн царай өөрийн эрхгүй сэтгэлд тодорч, тэдний “хүн сударыг дээдлэ” сургаал үлгэрээс буусан лугаа санагдав. Тоглолт өндөрлөж, бид хууч дэлгэлээ.
Догдлож хөөрсөн Жагжид цэцэн гуай “-Би Харчин аймгийн хүн. Харчингууд Чингис хааны хүргэн (тавнан), харц ядуу гаралтай хүмүүс. Гэхдээ манай харчингууд тэгж өөрсдийгөө бодохгүй, харчин бол харааны харц, Чингис хааны цэрэгт харах нүд болж явсан гэж өргөж тайлбарлана. Хэдийгээр би цагаан хэрмээр нутагтай харчин хүн ч үзэмчин ноёдын дунд өссөн. Үзэмчингүүд Бээжин орохдоо манай хошуугаар дайрдаг болохоор миний аав үзэмчин ноёдтой шадар сайн явсан юм. Хожим би аавын найз нарт итгэмжлэгдэж, Шилийн голын чуулганы албанд суух болсон. Түүнээс харчин хүн тийм ч амар үзэмчин, авга нарын дунд суудлаа олохгүй. Хүн цэх шударга явбал бусдын итгэлийг олдог юм. Үзэмчиний дээдэс язгууртнууд халуун элгэн сэтгэлтэй болохоор нь сөнөдийн Дэ ванд хамаг хэргээ хамруулсан, Дэ ван итгэлийг олоод их юм хийсэн. Дэ ван олон шинэ ажил хийсэн. Дэ ван Шилийн голынхны гэзгийг тайрах гэж бөөн хэрэг дэгдэв. Гэзэг бол тостой, бохир, дээл цамцны захыг хэртүүлдэг гээд тайрахаар шийдсэн хэрэг. Манайхан ч гэзэг ямар гэм хийсийм гээд тас зөрж билээ. Их хүчиртэй ажил болж байж гэзгийг тайрав даа. Араас Халхын цэрэг орж ирсэн нь Өвөр Монголд их тустай хэрэг болсон доо. Тэгээгүйсэн бол хятадууд хурдан дүүрэх байсан юм.” гээд нэлээд хууч хөөрснийг бичлэгт шингээж авлаа. Харь газар ийм сайхан монгол хүнтэй таарна гэдэг зүүд мэт тохиолдол болно. Олон цаг өвгөн эрдэмтнийг чилээгээд буцахад “-За хүүхээ, чамайг үзэгдэхгүй болохоор монгол хэлээ мартчих гээд байна, ирж байгаарай” гэсээр доглон нулмистай биднийг үдлээ. Буурал настныг баярлуулж, буянтай сургаалийг нь сонсоно гэдэг язгуурын монгол соёл болюу.
2007.01.6
Posted by Ширчингийн Баатар at 12:39 AM
5 comments:
Galaarid said...
Дэргэд чинь байсан мэт догдлов. Олон жилийн өмнө орос шөл халбагадаж явахдаа шинжаан нутгаас явсаар Уралд төвхнөн насыг элээж буй торгууд эртэй тааралдаж хэдэн цаг хөөрөлдөөд явах гэтэл салж ядан мөн ч хэцүү, өрөвдмөөр байсан нь нүдэнд харагдаад...
January 9, 2007 1:20 AM
Ширчингийн Баатар said...
Насны эцэгт, хvний нутагт ямар олиг байх вэ. Жажчид гуайн хувьд хvндэтгэх шалтгаантай. Єєрийн дураар биш, амиa авч гарахын тулд алаг хорвоогоор тэнэсэн хvн билээ хєєрхий. Бидний монголчууд урдад хичээн зовлон vзсэний нэгэн амь жишээ бол энэ хvн шvv. Бид vvнийг мартах ёсгvй гэж би vздэг.
January 9, 2007 9:48 AM
Buyantsogtoo, Ts. said...
Эрхэм андын энэ мэт буянтай үйлсийн тухай алс холоос хааяахан алдаг оног сонсдог байв. Одоо ингээд өөрийн чинь амнаас шууд сонсох мэт блогноос чинь унших тун аятайхан байна. Сайхан мэдээ сонсгосонд баярлалаа.
January 10, 2007 7:07 AM
Ширчингийн Баатар said...
Угаасаа бурхан ном гэж буруу зєв ярьж оссон хvн. Энд тэнд тvvнийгээ бурж явснаас єєрийн орон зайндаа тавьж байя гэж бодсон юм. Сонирхсон нэг нь уншина буй. Ямартай ч євєг дээдэс маань єдєрт нэг зvл єргєж сэтгэлийнхээ ертєнцийг ариутгаж байлаа, би яагаад нэг жижиг сэдэв бичиж блогийн ертєнцєд хvж нэмэж болохгvй байхав гэж бодоод бага саг юм энд тавьж эхэллээ.
January 10, 2007 11:42 AM
Burenbayar said...
huuchin niitleliin end tabij zagchid chechenii talaar ulam narin oilgohd zoriulav.
Жагжид Цэцэн гуай Чингис хaаны Дэлхийн Академийн хvндэт гишvvн болов
http://www.tsahimurtuu.mn/show.php?table=news&id=277
January 10, 2007 4:49 PM
Post a Comment
Links to this post
Create a Link
Newer Post Older Post Home
Subscribe to: Post Comments (Atom)
[ 本帖最后由 oyunbat 于 2007-1-20 12:38 编辑 ] |
|