|
|
Өвөрмонгол ах дүү хоёр(内蒙古兄弟)Өвөрмонгол ах дүү хоёр2008-11-24 16:12:09
Би өнгөрсөн өвөл аавынхаа элгийг эмчлүүлэхээр Хөх хотод очсон юм. Бидний байсан эмнэлгийн ойролцоо нэгэн ресторан ажилладаг байлаа. Би ч тэр ресторанаас очиж хоол авахаас гадна, эмнэлэгт байгаа аавдаа хэрэг болохоор янз бүрийн шим тэжээлтэй ногоо, тахианы мах худалдаж авахын тулд тэр ресторанаар их ордог байлаа. Тэнд өвөл 1 сар болж байхад дан жинсэн яктай, доогуураа нэг кет өмссөн 19 настай шар банди намайг очиход шал угаагаад зогсож байдаг байлаа. Тэгээд би дэлгүүр орох хэрэгтэй байна Монгол хэлтэй хүн өгөөч гээд рестораны эзнийг гуйхаар тэр шар банди руу заачихдаг. Тэгэхээр нөгөөдөх нь баяртай нь аргагүй шалны модоо чулуудчихаад л гүйгээд ирдэг байж билээ. Хөөрхий намайг тэнд бараг сар болоход тэр муу жинсэн якнаасаа салаагүй. Үнэндээ өөр өмсөх юм байхгүй л байсан юм билээ. Тэгээд тэр шар бандиар хэлмэрчлүүлээд дэлгүүр орохоор явах замдаа Улаанбаатар гэж ийм хот байдаг, тэнд тийм ийм дуучид байдаг гээд хэлэхээр та тэр дуучныг харсан уу, танай тэнд бид нарыг гудамжинд явж байвал хутгалаад алчихдаг гэсэн үнэн үү гээд хөөрхөн хөөрхөн асуулт их асууна. Би заримдаа дулаан куртик аваарай гээд мөнгө өгчихмөөр санагддаг байсан ч эд нарыг хамаагүй давруулж болохгүй гэсэн халх Монголын сэтгэлгээ маань дийлчихдэг байлаа. Тэр бандийн ах нь гэж 24 настай үсээ урт ургуулсан залуу бас л дүүтэйгээ адилхан ойр зуурын ажилд зарагдана. Хааяа дүү нь арчиж, цэвэрлэх ажлаа дуусаагүй байвал би ахыг нь дагуулж явна. Ах нь Хурд хамтлагийн улаан фен. Аав, ээж нь Шилийн гол аймгаар нутаглаж байгаа малчид юм байна лээ л дээ. Ах дүү хоёр хот газар очиж, амьдарч үзэхээр сэтгэл шулуудаад ирсэн ухаантай юм билээ. Ах нь нутгаасаа гарахдаа өөрийн эхнэрээ дагуулаад гарсан юм байна. Эхнэр нь бас л ойр зуурын ажилд зарагдана. Ингээд бодсон чинь Монгол үндэстэн маань харийн нутагт нийгмийн маш эмзэг давхаргад хамаарагдаж байгаа юм. Ах нь бас л Улаанбаатар хот гэж ямархуу хот вэ гээд л асууна. Хаа очиж Улаанбаатарын үдэш дууг гитар дээр маш сайхан дуулдаг залуу байлаа. Монгол улсад очиж үзэх юм сан гэж их ярина. Тэр залуугийн амнаас Монгол улс гэдэг үг гарахдаа нүднийх нь харцанд гуниг анзаарагддаг байсан юм. Би хэзээ ч өөрийн гэсэн жинхэнэ эх оронтой байх хувь заяагүй гэж боддог байсан ч байж магадгүй. Түүнийг үнэхээр мөрөөдөлдөө хүрээд Улаанбаатарт хүрээд ирлээ гэхэд өөрсдийнхөө нэг гэж хүлээж аваа ч үгүй юу. Тэдэнд үнэхээр сонголт байхгүй юм билээ. Намайг тэнд байх хугацаанд тэр ах, дүү хоёр надад маш их тус болсон. Би явахдаа дүүг нь зах руу дагуулж яваад өвлийн гутал авч өгье гэж бодоод эзэнтэй нь яриад нэг өдрийн чөлөө гуйсан юм. Тэгээд би өөрт нь чамд гутал авч өгье гээд хэлсэн чинь зөвшөөрдөггүй. Би ч яахав манай халхын заншил юм аа гэж худлаа ярьж байгаад зөвшөөрүүлсэн боллоо. Тэгээд яг зах явахаар болоод ресторанаар нь очсон чинь өнөөдөр манай эзэн ажил их байна гэж байна дараа болъё гэлээ. Тэгээд намайг яван, явтал хойшлуулж цааргалсаар байгаад авахуулаагүй юм. Би явахдаа тэр ах дүү хоёр, ахынх нь эхнэрт бүгдэд нь нэг нэг эсгий таавчиг л өгсөн. Харин намайг яг явдагийн өмнө ах нь эмнэлэг дээгүүр ирж надад уут дүүрэн жимс, чихэр, замдаа идэх юм өгсөн. Би ахад нь Монголд очоод заавал Хурд хамтлагийн диск явуулна гэж амлаж билээ. Би ч вагонд суусныхаа дараа тэдний бэлтгэж өгсөн хүнсний зүйлийг гаргаад үнийг нь дотроо тооцож үзсэн чинь үнэхээр өөрсдөд нь ахадсан зардал байсан юм даг. Тэр зардлыг гаргаж байхаар жаахан мөнгө нэмж байгаад ганц өвлийн хувцас авсан бол гэж бодохоор миний дотор их л сонин болчихож байсан юм. Удалгүй би вокзал дээрээс хүнд Хурд хамтлагийн диск өгөөд тэр рестораны эзэн рүү утсаар ярьж тэр дискийг дамжуулж өгөхийг гуйсан юм. Үнэхээр дээрэлхүү халхуудтай нэг их харьцаж байгаагүй өвөрмонголчууд халхуудад үнэн сэтгэлээсээ, маш сайн ханддаг болохыг тэгж мэдсэн юм. Харин халхуудтай олон удаа харилцаж занг нь гадарлах болсон өвөрмонголчуудын хувьд илүү хэдэн цаасыг нь салгаад авъя гэсэн бодол давамгайлдаг байж магадгүй. Гэхдээ Шилийн гол хавиар нутагтай цөөхөн хэдэн малчидын хүүхдүүд, бас бус аймгуудын малчид бол үнэндээ яалт ч байхгүй бидний өмгөөлөл дутагдсан хүмүүс байна лээ шүү. Монголд байгаа Казакуудыг Казахстан улс маш их өмгөөлж хамгаалдгийг та бүхэн анзаарсан л байх. Тэрэнтэй адилхан тэр нэг хэдэн нүүдэлчдийн тасархай, Монгол угсаатныг учиргүй өмгөөлдөггүй юм аа гэхэд учиргүй гадуурхахгүй байх нь Монголчууд бидний хувьд хүн чанар гээч нь болох юм шүү. |
本帖子中包含更多资源
您需要 登录 才可以下载或查看,没有账号?注册
x
|